Эдийн Засгийн Доктор Профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн Улсын VIII Олимпиад” 2018.04.07-14-ны хооронд “Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль”-ийн лекцийн их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Маркетингийн Холбооноос зохион байгуулдаг Эдийн Засгийн Доктор Профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн Улсын VIII Олимпиад” нь маркетинг, бизнес менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Маркетингийн Хөгжлийн Төлөө Хамтдаа” уриан дор 8 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү олимпиад нь Монголын маркетингийн Холбоо, Их Дээд сургуулиуд болон бизнесийн байгууллагууд хамтран ажилладаг монголын маркетингийн салбарын хамгийн том тэмцээн юм.
VIII Олимпиадад Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль дэмжигч байгууллага, “Авто Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Ассоциаци” ивээн тэтгэгч байгууллагаар тус тус оролцож 2-р шатны даалгавар дээр хамтран ажилллаа.
Олимпиадын 2-р шатны даалгавар 2 дахь жилдээ олон улсын жишиг стандартын дагуу Нийгмийн маркетингийн сэдвийн хүрээнд бэлтгэгдэж, жишиг стандартын дагуу шалгаруулалт явагдлаа.
Энэ жилийн олимпиадад нийт 10 их сургуулийн 15 баг оролцсоноос Шилдэг 6 баг 2-р шатанд шалгарч “Авто Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Ассоциаци”-аас өгөгдсөн “Өсвөр насны хүүхдүүдийг Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нийгмийн маркетингийн кампанит ажлын төлөвлөгөө боловсруулан шилдгүүдээ шалгаруулсан.
Монголын бизнесийн салбарын ирээдүйг бүтээлцэх бүтээлч оюутан маркетерууддаа хичээл сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Comments