Spikes Asia 2025-д Монгол улс анх удаа шүүгчээ илгээлээ
- contentmoma
- Apr 9
- 1 min read
Азийн хамгийн том бүтээлч фестиваль болох Spikes Asia Festival of Creativity 2025 тэмцээнд Монгол Улсаас анх удаа шүүгчээр Whyze маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Билгүүн оролцлоо. Тэрбээр Audio & Radio, Film, Print & Publishing гэсэн гол гурван ангиллыг шүүж, Вьетнамын Да Нан хотод гуравдугаар сарын 11-13-нд болсон финал шатны хэлэлцүүлэгт оролцсон юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Dentsu, Ogilvy, TBWA, McCann зэрэг дэлхийн шилдэг агентлагуудын удирдлагууд багтсан бөгөөд Whyze Agency нь бие даасан агентлагийн хувьд сонгогдсон цөөн төлөөллийн нэг байлаа. Шүүгчид хоёр сарын турш 400 гаруй бүтээлд үнэлгээ өгч, сүүлчийн шатанд гурван өдрийн турш ялагчдыг тодруулжээ.
Тэрбээр тэмцээний дараа “Монголын бүтээлч салбар сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хөгжиж, Азийн зах зээлд сэтгэлгээ, ур чадвараараа эн тэнцүү оролцож эхэлж буй нь энэ удаагийн тэмцээнээр батлагдлаа. Харин нийгмийн асуудлыг бүтээлчээр шүүмжлэх, илэрхийлэх эрх чөлөөний хувьд бид цаашид илүү нээлттэй, чөлөөт орчин бүрдүүлэх шаардлагатайг мөн анзаарсан” хэмээн онцолсон юм.

Мөн Spikes Asia-ийн захирал Mandy Neo энэ талаар “Монгол улс анх удаа оролцож буй нь нэр төрийн хэрэг. Төв Азийн орнуудын бүтээлч салбар хүчирхэгжиж буйг бид харах болсон” хэмээн онцолсон байна.

Монголын Маркетингийн Холбоо нь Spikes Asia-н түнш байгууллагын хувьд улсаа төлөөлүүлэн шүүгчээ нэр дэвшүүлэн илгээж буй нь олон жилийн хамтын ажиллагааг нэг шат ахиулсан явдал болохын сацуу маркетингийн салбар маань олон улсын тавцанд гарч буй томоохон алхам боллоо.
Comments